УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Завхан аймгийн сумдаар уулзалт хийж байна. Тэрээр өнөөдөр буюу 3 дугаар сарын 15-ны өдөр Улиастай сумын иргэд, төрийн алба хаагчидтай Л.Ванганы нэрэмжит ХЖТ-т уулзалт хийлээ. Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир оролцов.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Улсын төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн орлого, зарлага, төсвийн орлогод ДНБ-ний эзлэх хувь зэрэг төсөв, санхүү, мөнгөний бодлоготой холбоотой мэдээ мэдээллийг иргэдэд маш тодорхой, ойлгомжтой байдлаар танилцууллаа.
Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэд сайдаас сонирхсон асуултаа асууж, хариулт авч цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.
Иргэд: "Хүн, мал, нутаг гуравтайгаа байж Монгол улс хөгжинө. Энэ жил цас зуд ихтэй, цаг агаарын хүнд нөхцөл байдлаас болж малын хорогдол ихтэй, малчдын сэтгэл зүй хүнд энэ цаг үед малчдын зээлийг хөнгөлөх боломжтой эсэх, Могойн голын нүүрсний чанар муудсантай холбоотойгоор дулаан үйлдвэрлэгчид дулаанаар хангаж чадахгүй байна. Үүн дээр анхаарал хандуулж, хяналт тавьж өгнө үү. Түүнчлэн Улиастай сумд 6 цэгт дэд станц шийдвэл шинээр суурьшлын бүс үүсгэж айлуудаа цахилгаар хангах боломжтой болно. Мөн Улиастай суманд эрчим хүчний ухаалаг системийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү" гэх зэрэг асуултуудыг асууж, тодорхой хариулт авлаа.