Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

ТҮДЭВТЭЙ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Ц.БАТНӨХӨРЛӨЛ: ОЛОН ЗАЛУУС СУМАНДАА ИРЖ, САЙХАН АМЬДРААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ

2023-06-26

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө товч танилцуулна уу?

Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Намайг Цагаанламын Батнөхөрлөл гэдэг.  1991 онд Түдэвтэй суманд төрсөн. Арван нэгэн жилийн сургуулиа сумандаа төгссөн. 2009-2013 онд Их засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр хэдэн удаа сонгогдож байна, миний хувьд таныг аймгийн ИТХ-ын Ажлын албанд ажиллаж байхаас тань илүү танина?

Сумын ИТХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. Аймгийн ИТХ-ын Ажлын албанд        2014-2016 онуудад ажиллаж байлаа. Аймгийн ИТХ-ын даргын хуулийн зөвлөх мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажилтан, аймгийн ИТХ-ын Өмчийн албаны мэргэжилтнээр тус тус ажилласан.  

Энэ бүрэн эрхийн хугацаанд сумдын ИТХ-ын дарга нараас хамгийн залуу дарга, залуу улс төрч нь байгаа байх. Тиймээс суманд хурлын байгууллагыг удирдахад мөн залуу улс төрчдөд тулгардаг гол бэрхшээл юу вэ?

Туршлагатай олон жил улс төрч хийсэн хүмүүс хажууд минь зааж сургадаг болохоор одоогоор хүндрэлтэй тулгарсан асуудал гарахгүй л байна.

Залуу хүний хувьд суманд амьдрахын сайхан болон сөрөг тал нь юу байна?

Сайхан тал гэвэл зөндөө л байна. Өөрийн төрж өссөн газар болохоор аав ээжтэйгээ ойр, амар тайван байна. Дээр нь нутаг усныхаа дандаа таньдаг ахмад буурлууд, ах эгч нар, үеийн найзууд, дүү нартайгаа ойлголцоод ажиллаж амьдрах сайхаан. Тиймээс надад сөрөг тал гэж харахаар зүйл алгаа. Харин ч олон залуусыг сумандаа ирж, ажиллаж амьдраасай гэж хүсдэг.

Сум хөгжихгүй, хөгжил сул байгаагийн гол шалтгаан?

Хүн амын өсөлт муу байгаа нь сум хөгжихгүй байгаагийн хамгийн гол шалтгаан гэж боддог. Хүн ам өсвөл бүхий л зүйлд өсөлт гарна. Гэтэл сумд хэт бага хүн амтай, төрийн албаны хэдхэн орон тооноос өөр тогтмол ажлын байр байхгүй байна шүү дээ. Тиймээс л залуус ажлын байр хаана байна, тэнд л амьдарч байгааг буруутгах аргагүй. Хөгжилд саад болж байгаа дараагийн нэг асуудал нь хүмүүсийн хандлага. Нэг л газар, төрсөн нутагтаа хамт амьдарцгаадаг хирнээ заавал нэгнээ муулж байж санаа нь амардаг, заавал муу талаас нь хардаг энэ хандлагыг л хүн бүр өөрөөсөө эхэлж өөрчилчихвөл бид хамтдаа  хөгжиж чаднаа.  

 

Аймгийн ИТХ-д ажиллаж байсан хүний хувьд сумын хурлын байгууллагыг удирдаад ажиллахад онцлог ялгаатай зүйл байна уу?

Ялгаатай зүйл зөндөө байна. Аймгийн ИТХ-д ажиллаж байхдаа сумдын хурлын үйл ажиллагаатай танилцах, тайлан мэдээг нь байнга авч танилцах гээд ажлууд хийдэг. Сумын ИТХ-д ороод ажиллахад мэдэхгүй юм байхгүй гэж бодсон ч яг өөрөө гардаад бас удирдаад явахад мэдэхгүй чадахгүй зүйл маш их гарч байсан. Тиймээс хийж үзээгүй зүйлээ зөвхөн нүдээрээ хараад амархан гэж бодож болдоггүй юм байна гэж бодож билээ. /инээв/

Сумын улс төрийн нөхцөл байдал ер нь хир байдаг вэ?

Бусад сумдыг бодоход манай сумын улс төрийн нөхцөл байдал харьцангуй тайван. Олон жилийн тогтож ирсэн дархлаа байдаг учраас учиргүй улс төржөөд байдаггүй ээ,  нэг нам солигдоод нөгөө нам эрх мэдэл авсан ч төрийн албан хаагчид солигдох, бужигнах асуудал огт байхгүй.

Зав гарган ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%