Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

ЭМЭГТЭЙ ХҮН УДИРДАХ АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАХАД АР ГЭРЭЭ Л ОРХИГДУУЛАХ ГЭЭД БАЙДАГ СУЛ ТАЛТАЙ

2023-06-16

ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА В.СУМЪЯА:

-Танд өдрийн мэнд хүргэе. Таны танилцуулгаар ярилцлагаа эхлэе.

За тэгье. Намайг Вандангийн Сумъяа гэдэг. Цэцэн-Уул сумын ИТХ-ын даргын албан ажилтай. Ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг.  ХААИС-ийг Экологи байгаль хамгаалал мэргэжлээр, Удирдлага хөгжлийн академийг Төрийн захиргаа удирдлагын менежерээр тус тус төгссөн. Орон нутагтаа, төрөлх сумандаа тогтвортой ажиллаж амьдарч байна. Төрийн албанд 16 жил ажилласан. Үүний сүүлийн 7 жил нь улс төрийн албан тушаалд ажиллаж байна.

Хөдөө суманд эмэгтэй хүн улс төрийн тогоонд ажиллахад бэрхшээлтэй асуудлууд хир байдаг вэ?

Би сумын ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа. Өмнө нь   эмэгтэй хүн шийдвэр гаргах түвшинд ажиллах нь ховорхон байдаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд харьцангуй идэвхтэй оролцдог болсон. Энэ нь жендерийн мэдрэмжтэй илүү их холбоотой гэж боддог.

Эмэгтэй улс төрчид бэрхшээл байлгүй яахав. Заримдаа хүмүүсийн эмэгтэй хүнийг харах өнцөг, үзэл санаа хүртэл өөрчлөгдсөн ч юм шиг санагдах үе байдаг.  Ялангуяа суманд ажиллахад бүхий л хүмүүсээ сайн таниж мэдэх, ахан дүүс мэт харилцаа холбоотой ажилладаг онцлогтой. Энэ байдлаас шалтгаалаад ИТХ-аас гарсан шийдвэрийг сөрөг талаас нь тайлбарлах хандлага их ажиглагддаг. Тухайлбал танил талдаа асуудлыг шийдвэрлэлээ гэдэг ч юм уу. Гэтэл сумын бид чинь бүгд л хоорондоо төрөл садан, ураг төрлийн холбоотой болчихдог.   

Харин эмэгтэй хүний тухайд төрийн алба ялангуяа удирдах албан тушаал эрхэлж байгаа хүн ар гэрээ л орхигдуулах гээд  байдаг талтай. Нуугаад яахав дээ. /инээв/

Ер нь  улс төрийн ажил бол харилцаан дээр л тулгуурлаж явагддаг нь үнэн.  Тиймээс  аль болох ард иргэд, хамт олон,  гэр бүлдээ ч гэсэн  өөрийгөө болон санаагаа зөв  ойлгуулж бусадтай харьцахдаа ярихаасаа илүү  сонсож, харилцан бие биенээ ойлгож, хүндэлж байхад том бэрхшээл үүсгэхгүйгээр бэрхшээлийг давж болноо гэж  боддог.

Сумын ИТХ-ын төлөөлөгчид хамтран ажиллаж сумын иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэж чаддаг уу?

Манай төлөөлөгчид нам бүлгээр, эсвэл тойрог буюу багаар ч юмуу ямар нэгэн байдлаар талцаж санал зөрөөд байдаггүй. Иргэдээс гарсан саналыг дэмжиж хамтран шийдвэр гаргаж ажиллаж чаддаг шүү. Жишээ нь: Сумандаа  мал тэжээвэр амьтан тэжээх, Бэлчээр ашиглах мөн хог хаягдлын үйлчилгээний хураамж зэрэг нийтлэг журмуудыг ард иргэдийн саналыг үндэслэн тогтоож ажиллаж байгаа. Мөн ОНХ-ийн сангийн хөрөнгийг зөв зарцуулан хуваарилж хяналт тавин ажилладаг.

Хурлын байгууллагын өмнө тулгамдаж буй асуудал байдаг уу?

Хурал нь өөрөө бие даасан том байгууллага боловч үнэлэмж багатай байх шиг санагдаад байдаг. Мөн сумын ИТХ-ын хувьд төсөв хөрөнгийн асуудал хүндрэлтэй байдаг. Зөвхөн цалин хөлсний зардлыг л баталдаг. Гэтэл хуралдааны зардал, одоо шинээр хуулинд заасан үйл ажиллагаа буюу урамшууллын зардлыг огт тусгахгүй байгаа нь удирдлагын хувьд бас хүндрэлтэй л байна даа. Ер нь ямар ч сумын ИТХ бодлогоосоо эсрэгээр Сумын ЗДТГ-ын бөөрөнд наалдаж амьдраад байх шиг байдаг. /инээв/

Энэ тухай сумдын ИТХ-ын дарга нар уулзахдаа ч ярьдаг. Энэ байдлыг МУ-ын Засгийн газар, шийдвэр гаргагчид ч нэг их анзаардаггүй. Учир нь орон нутгийн удирдлагууд сум орон нутагт хаана юу хэрэгтэй байна түүнийг харж санал хүргэдэг. Түүнээс биш манай байгууллага буюу өөрсдийгөө гэсэн саналыг огт тавьж байсангүй.

Сумын ИТХ-ын даргын хувьд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудаасаа дурьдвал?  

Миний хувьд ТББ, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг хичээдэг. Мөн иргэдийн хандлагыг зөв байлгах тал дээр илүү анхаарч ажилладаг. Мэдээж нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй үйл ажиллагааг дэмжиж шийдвэр гаргалгүй яахав. Гэхдээ энэ бүхнийг хийж хэрэгжүүлнэ гэдэг ямагт сумын Засаг даргатай хамтран ажиллах хамтын үйл ажиллагаа шүү дээ.

Манай суманд бас нэг онцлог бий. Тэр нь сумын Засаг дарга маань аймгийн    ИТХ-ын төлөөлөгч хүн. Энэ бол том давуу тал аа.  

Жишээ нь: Иргэдийн байнга ярьдаг хог, хогийн цэгийн асуудалд жил бүр хөрөнгө шийдэж арга хэмжээ авч байна, харин энэ үйл ажиллагаа цэгцэнд ороход иргэдийн хандлага, сэтгэл сэтгэлгээний асуудал сөргөөр байгаа юм. Намайг ИТХ-ын даргаар дахин сонгогдоход иргэдээс   нэн түрүүнд сумын төвийн болон Галуутайн голд гүүр тавих асуудлыг санал болгож байсныг  орон нутгийн хэмжээнд шийдсэн гэх мэт бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлсээр байгаа.

Мөн  малчдын чуулга уулзалт, Алдарт ээжүүдийг алдаршуулах, Орон нутгийн удирдлагын нэрэмжит тэмцээн наадам буюу төлөөлөгчийн нэг өдөр  гэх мэт арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулдаг.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%