Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5-р хуралдаан 2021 оны 12 сарын 02,03-ны өдрүүдэд 100 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралдаанаар:
- Аймгийн ИТХ дахь Ардчилсан намын нэр бүхий төлөөлөгчдөөс Аймгийн Засаг даргыг огцруулах тухай саналыг танилцуулах
- Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц
- Аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт
- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2021 онд хийсэн ажлын тайлан
- Аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө
- Аймгийн 2021 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2022 оны төсөв
- Хурлын Тэргүүлэгчдээс Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар шийдвэрлэсэн асуудлуудыг танилцуулж шийдвэрлүүлэх тухай
- Аймгийн "Хүндэт иргэн" цол тэмдгээр шагнах тухай
- 2022 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын саналыг Засгийн газарт уламжлах тухай асуудлыг тус тус хэлэлцлээ.
“Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл “-ийн хэрэгжилтийн явцыг 32.02 хувийн биелэлттэй гэж үзэв.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2021 оны хэрэгжилтийг 81.25 хувийн биелэлттэй,
Аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 90.37 хувийн биелэлтийг үндэслэн “Тодорхой үр дүнд хүрсэн”,
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс хэрэгжүүлсэн ажлын тайланг 88.0 хувийн биелэлттэйг үндэслэн “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэлээ.
Аймгийн 2022 оны төсвийг Орон нутгийн хөгжлийн сан 7.8 тэрбум, суурь зарлага 36.5 тэрбум төгрөгөөр батлуулж, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол улсын хөгжлийн урт, дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан 77 тэрбум 840 сая төгрөгийн санхүүжилтээр 6 бүлэг, 24 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Ирэх онд шинээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын шинж чанартай 58 төслийг 16.4 тэрбум, он дамнан хэрэгжиж байгаа 29 төслийг 18.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, Завхан аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж 100 бүтээлч ажил хийх, орон нутгийн хөгжлийг дэмжсэн "Шинэ хөдөө" төсөл хэрэгжүүлэх, 5 сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хийж батлуулах, 11 сургууль, 3 цэцэрлэг багш хөгжлийн төв байгуулах зэрэг ажлуудыг хийхээр шийдвэрлэлээ.