Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2021-02-25

            Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 3 дугаар  хурал 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15:00 цагт хурлын даргын албан өрөөнд эхэлж, хуралд ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Тэргүүлэгч П.Батсайхан, Г.Бадамхатан, Н.Тамир, А.Болормаа, Б.Эрдэнэбаатар, Б.Төрмөнх, Л.Сандагсүрэн нар оролцож 88.8 хувийн ирцтэй хуралдав. 

 1.“Орон нутгийн хөгжилд Иргэний нийгмийн байгууллагын оруулсан хувь нэмэр цаашид хамтран ажиллах тухай” асуудлыг Өрнөх хөгжил сүлжээ төрийн бус байгууллагын тэргүүн М.Дуламжав танилцуулж хэлэлцүүлэв. Эв нэгдэл, эрдэм мэдлэг, эрч хүчээ дайчлан Завхан аймгийнхаа хүний бүрийн хөгжил, хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг дээдлэн ажиллах эрхэм зорилготой 12 жилийн өмнө байгуулагдаж шийдвэр гаргах болон бодлого боловсруулах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний холбоог сайжруулах, орон нутагт сайн засаглалыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулан судалгаа хийх, дүгнэлт гаргах, асуудал боловсруулж шийдвэрлүүлэх, төрийн зарим үйлчилгээнд төсвийн мониторинг хийж нөхцөл байдалд нийгмийн анхаарлыг хандуулах шийдвэр гаргагчдад нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллагч иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаар тэмдэглэлд тусгалаа. 

2.Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл олголт, түүний хэрэгжилтийг /2016-2020/ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Д.Батбаяр, Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Нямдаваа нар жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай, Хөнгөлөлттэй зээл олголт, аймгийн 2019, 2020 оны зээлийн хэрэгжилт, Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын өөрчлөлт, цаашид анхаарах асуудлуудыг танилцуулж хэлэлцүүллээ.

3.Аялал жуулчлалын гол чиглэл авто замын дагуу түр буудаллах цэг үйлчилгээний цогцолбор байгуулах газрын байршилд санал авах тухай асуудлыг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Батцэнгэл, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Аялал жуулчлал гадаад харилцааны албаны дарга Б.Даваасамбуу нар танилцуулж “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад санал хүргүүлэх тухай” тогтоолыг батлууллаа.

4.Дэд зөвлөл шинэчлэн байгуулах тухай асуудлыг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хариуцсан ажилтан Г.Амарсайхан, Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах ажилтан Г.Алтаншагай нар танилцуулж аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зам тээврийн осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиг үүрэг бүхий гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах дэд зөвлөлийг байгууллаа.

5.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг томилж ажиллуулах тухай асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны Хэлтсийн дарга Д.Үнэнхүү танилцуулж Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад хамаарагдах байгууллага, хуулийн этгээдийн шилэн дансны үйл ажиллагаа, хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавьж Тэргүүлэгчдэд улирал бүр тайлагнаж ажиллах комисс байгуулагдлаа.

6.Улсын төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд хяналт тавих ажлын хэсэг томилж ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэж хяналтын зөвлөл байгуулагдлаа.

7.”Амь-Ус трейд” ОНӨААТҮГ-ыг “Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани” болгож өөрчлөх тухай, 8.Хөрөнгө актлах, хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай асуудлыг Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батмэнд, холбогдох мэргэжилтэн танилцуулж тогтоолоор шийдвэр гаргалаа.  

9.Төрийн шагналд уламжлах тухай асуудлыг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Мөнхзаяа, Төрийн шагнал хариуцсан мэргэжилтэн А.Минжбадгар нар танилцуулж, эрхэлсэн ажилдаа олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан иргэдийн  хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлэхээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 23, Хөдөлмөрийн хүндэт медалиар 8, нийт 36 иргэнийг шагнуулахаар “Төрийн шагналд уламжлах тухай” тогтоол гарлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%